ХУУРАЙ СҮҮ БОЛОВСРУУЛАХ ЖИЖИГ ЦЕХ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ1

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ БА ҮНДЭСЛЭЛ

Сүү цагаан идээ нь Монголчуудын уламжлалт хүнсний нэг бөгөөд хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай макро болон бичил шим тэжээлийг хамгийн зохистой харьцаагаар агуулдаг онцгой бүтээгдэхүүн юм. Манай улсын сүү бэлтгэлийн тогтолцоо алдагдсанаас шалтгаалан өвөл, хаврын улиралд сүүний хэрэгцээг хангахад бэрхшээлтэй болсон. Баянхонгор сумын нийт хүн амын өвөл, хаврын хэрэгцээ жилд 808,380.3 кг байдаг боловч улирлаас шалтгаалан сүүний хангамж багасдаг. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотоос их хэмжээний сүүг худалдан авч байна. Баянхонгор суманд сүү боловсруулах үйлдвэр байхгүй учраас хэрэглэгчид малчдын гар дээрээс баталгаагүй сүү, сүүн бүтээгдэхүүнийг авч хэрэглэж байгаа нь хүнсний гаралтай хордлого, халдварыг нэмэгдүүлэх хандлагатай байна. Зуны улиралд сүүг нөөцлөн хадгалахад түргэн гэмтэх учир хатаан боловсруулж нөөцлөх зайлшгүй шаардлага тулгарч байна. Хуурай сүү боловсруулах үйлдвэр байгуулснаар тус сумыг тойрон үйл ажиллагаа явуулдаг фермерүүдийн орлого нэмэгдээд зогсохгүй, иргэдийг эрүүл аюулгүй сүүгээр хангах боломжтой болно.